2017-09-19 16:35:00

Монголын Залуучуудын Холбоо, “Монсертф” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын Залуучуудын Холбоо болон “Монсертф” компани хамтран ажиллах санамж бичигт МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, “Монсертф” ХХК-ны Ерөнхий захирал Г.Билгүүн нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын баталгаажуулалтыг эх орондоо хийдэг болох, олон улсын ISO стандартын аудитор, сургагч багш, зөвлөхүүдийг эх орондоо бэлтгэх, менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үндэсний компаниудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, залуучуудад бизнес эрхлэх шинэ боломжийг нээх зэрэг олон ажлуудыг хийхээр болжээ.

Мөн МЗХ-ны дэргэд “Хараат бус хэмжил зүй, баталгаажуулалтын төв”-ийг нээн үйл ажиллагааг явуулахаар болсон юм. Уг төв нь Монголын Залуучуудын Холбоонд ISO 9001 стандартыг нэвтрүүлэх, менежментийн тогтолцооны олон улсын стандартууд, тэдгээрийн сургалт, нэвтрүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалтын талаар залуучуудад таниулах, сурталчлах хэлбэрээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна.