2017-05-12 13:15:02

ISO 21101

ISO 21101 Адал явдалт аялал жуулчлалын аюулгүй байдлын менежмент

 

Тухайн улсын дотоодын эрх зүйн зохицуулалтаар аюулгүй ажиллагааны дүрэм журмыг тодорхой хэмжээнд шийдсэн байдаг.

 

Гэхдээ зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс 2014 онд ISO 21101 адал явдалт аялал жуулчлал-Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо- шаардлага олон улсын стандартыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

 

Адал явдалт аялал жуулчлалын салбар өргөн хүрээг хамрана. Усанд шумбах, агаарт хөөрөх, элсэн цөлөөр аялах зэрэг бол энгийн жишээнүүд.

 

Энэхүү стандартын хамгийн гол зорилго бол бүх төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан менежментийн тогтолцооны хүрээнд эрсдэлийг таних, илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүний үр дүнд жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний аюулгүй байдалд баталгаа өгөх явдал юм.

 

Тухайн жуулчин аялалд гараад гэртээ ирэх хүртэл хугацаанд бүрэн аюулгүй байх явдлыг хангадаг стандарт бол ISO 21101 гэж ойлгож болно.

Стандарт бүр эрсдэлд суурилсан байдаг бөгөөд тухайн салбарт гарч болох үйл ажиллгааны бүх эрсдлийг судалж, тооцоолж, тэдгээрийг даван туулах, урьдчилсан сэргийлэх арга замыг хэрэгжүүлдэг.
 
Жишээлбэл, хээр талд автомашинаар аялах бол тухайн техник эвдрэх эрсдэлтэй. Иймд хоёр автомашинтай явж, нэг нэгнээ нөхөх, эсвэл утасны сүлжээ барихгүй тохиолдолд сателлит утас давхар ашиглах, тухайн жуулчны аюулгүй байдлыг хангах үүднээс амрах, өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авах тодорхой цэгүүдийг үүсгэх гэх мэт арга замаар ажиллана.

Тэрчлэн компаниуд энэхүү стандартыг хэрэгжүүлж буйгаа жуулчдад сурталчилснаар найдвартай, аюулгүй гэсэн ойлголт тэдэнд төрж, тухайн компанийг сонгох давуу тал болно. Энэ хэрээр таны бизнес амжилттай өргөжиж, орлого ч ахиу болно.