2017-06-05 12:25:22

“МонСертф” ХХК Чанарын менежментийн тогтолцооны стандартаар хэрэглэгчдийг баталгаажуулдаг боллоо

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын “Мон Сертф” ХХК-ны үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар MNS ISO/IEC 17021-1:2016 (MNS ISO 17021-2:2016, MNS ISO 17021-3:2016) стандартын дагуу итгэмжлэлийн үнэлгээ явуулсан тухай тайланг хэлэлцэж чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартаар үндэсний итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олголоо.

ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцооны техникийн хамрах хүрээг дараах техникийн салбаруудаар тогтоолоо. Үүнд:

  • Хөдөө аж ахуй,
  • Хүнсний бүтээгдэхүүн, үл согтууруулах ба согтууруулах ундаа, тамхи,
  • Нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн,
  • Эм, эмийн бүтээгдэхүүн,
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашин, унадаг дугуй, ахуйн хэрэглээний барааны засвар
  • Зочид буудал, ресторан
  • Санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үйлчилгээ
  • Мэдээллийн технологи,
  • Төрийн байгууллага, нийтийн албаны байгууллага,
  • Боловсролын байгууллага.  

 

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлын шийдвэрийн дагуу өнөөдөр чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартаар үндэсний итгэмжлэлийн гэрчилгээ авч байгаадаа манай хамт олон баяртай байна.

 

Энэ нь манай компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, дэлхийд танигдах боломж олгож, олон улсын итгэмжлэл авах эрх нээгдэж байгаагаар ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

 

Мон Сертф ХХК нь цаашдаа CNAS, DAKKS, UKAS, SAC, TurAK зэрэг томоохон олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын итгэмжлэл авч баталгаажуулалтыг олон улсын түвшинд гаргах, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ экспортлох, хөрөнгө татах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах боломжийг нээж өгөх замаар худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад жинтэй хувь нэмэр оруулах болно.

 

Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Мон Сертф ХХК-ийн Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийг АFNOR, UICC, GIC зэрэг дэлхийн тэргүүлэгч баталгаажуулалтын байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр Монголын аж ахуйн нэгжүүд хямд өртгөөр олон улсын баталгаажуулалт авах өргөн боломж нээгдэнэ гэж харж байна.

 

Үүний үр дүнд монгол аудиторуудын баталгаажуулалтын үнэлгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Монгол хүн олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс Монголын аж ахуйн нэгж, байгууллагыг Дэлхийн компани болоход дэмжлэг үзүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна.