МОНСЕРТФ” ГРУПП 21 АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Олон улсын менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын “Монсертф” групп, “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” /MMCA/, “Олон Улсын Стандартын Академи” /ISA/ хамтран Монгол Улсын 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нартай “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨЛӨӨ” сэдэвт хүндэтгэлийн уулзалт ярилцага зохион байгууллаа.
“Монсертф” группын ерөнхий захирал Г. Билгүүн, Баталгаажуулалтын газрын дарга П. Цэцэгмаа, Тамгийн газрын дарга Д. Сүрэндагва, “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” /MMCA/-ны гүйцэтгэх захирал Б. Хангай, “Олон улсын стандартын академи”-ийн /ISA/ гүйцэтгэх захирал П. Тунгалаг нар байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж сургалт, зөвлөх үйлчилгээний талаар шинэ мэдээ мэдээллийг өгсөн нь хүрэлцэн ирсэн орон нутгийн төлөөлөгч, хэлтсийн дарга нарт ач холбогдолтой байж, цаашид хамтран ажиллахаар болсон байна.
Иймээс уулзалт зохион байгуулсан байгууллагууд болон аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс хооронд “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” байгуулах шийдвэрт хүрсэн юм.
Уулзалтанд хүрэлцэн ирсэн аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарын төлөөлөл олон улсын стандартын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
С.ЧУЛУУНБАТ: МАНАЙ АЙМАГ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛСНЭЭРЭЭ ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ БАЙГАА
/Орхон аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга/
-Танай байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна?
-Орхон аймгийн хувьд ISO 9001-олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээрээ улсын хэмжээнд үлгэр жишээ болж байгаа. Өнөөдрийн байдлаар манай аймгаас хамгийн олон байгууллага чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. Тухайлбал, Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс анхлан чанарын менежментийн тогтолцоог, мөн аймгийн Засаг даргын тамгын газар энэ тогтолцоог анх нэвтрүүлсэн зэрэг амжилттай ажиллаж байна.
-Төрийн байгууллагаас гадна хувийн компаниудын тухайд?
-Хувийн хэвшлийн байгууллагууд олон байна. Өнөөдрийн байдлаар уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс”, цэвэр зэс үйлдвэрлэлийн “Эрдэнэт” компани, “Хаан бууз”зэрэг комнани чанарын менежментийг тогтолцоог хэрэгжүүлээд байна.
-Танай аймгийн хэмжээнд нийт хэдэн байгууллага олон улсын стандарт нэвтрүүлээд байна?
-Нийт 7 байгууллага байгаа.
-Танай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд олон улсын стандартыг хэр сонирхож байна, үүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тал дээр ямар байр суурьтай байна?
-Монгол Улсад бизнесийн орчин өсч, дэвжиж байгаатай холбогдуулан компаниуд олон улсын зах зээлд гарахын тулд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй юм гэдэгт манай аймгийн аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд идэвхтэй анхааран ажиллаж байгаа.
-Өнөөдрийн үйл ажиллагаанаас ямар мэдээлэл олж авав?
-Өнөөдөр бид “Монсертф” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Өмнө нь стандартын тухай мэдээлэл, сурталчилгааг Стандарт, хэмжил зүйн газраас авдаг байсан бол одоо цагт хувийн хэвшлийн Монгол мэргэжилтэн, аудитор, зөвлөхүүд аж ахуйн нэгж байгууллагуудын хүссэн зөвлөгөөг өгдөг болж. Энэ мэтчилэн ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа юм байна. Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран ажиллах саналтай байгаа.
-Бизнес эрхлэгч компаниуд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар үр дүнд хүрэх үү?
-Үйлчилгээ, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргая гэж хүсч байгаа бизнес эрхлэгчид компанийнхаа үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлээд ажиллавал бизнес нь өргөжин дэвжиж, дэлхийн хэмжээнд хүрнэ. Тийм учраас манай бизнес эрхлэгчид чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаарай гэж уриалах байна.
Г.ЦЭЦЭГЭЭ: ӨНӨӨДРИЙН УУЛЗАЛТЫН ДҮНД
ЭРЭЛХИЙЛЖ БАЙСАН ЗҮЙЛЭЭ ОЛЛОО
/Завхан аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэсийн дарга/
-Завхан аймагт олон улсын стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажил хэр амжилттай явагдаж байна?
-Манай аймаг төвөөс алслагдсан гэдгээрээ онцлогтой. Энэ нь бизнесийн хөгжих орчинд төдийлөн сайнаар нөлөөлдөггүй. Гэхдээ сүүлийн 5 жилд стандартын хэрэгжилт, хэрэглээ, баталгаажуулалт нэр төрөл, тоо хэмжээгээрээ сайн өсөлттэй явж байгаа.
-Хувийн компаниуд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлд хэр анхаарч ажиллаж байна?
-Манай аймагт олон улсын чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн компани одоогоор байхгүй байна. Баруун бүс нутгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлүүдээс манай Стандарт, хэмжилт зүйн хэлтэс ISO 9001 стандартыг хэрэгжүүлээд баталгаажилтаа авсан байгаа. Хэд хэдэн байгууллагууд үүнийг сонирхож байна, үнэлгээгээ хийлгээгүй боловч хэрэгжүүлээд явж байгаа байгууллагууд байна. Жишээ нь, Нийгмийн даатгалын хэлтэс байна. Аймгийн засаг даргын тамгын газар энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн МУИС-ийн Завхан салбар сургууль хэрэгжүүлж байна.
Бид 2014 онд ISO 9001 стандартын сургалтыг Стандарт, хэмжил зүйн газраас авсан. Энэ сургалтанд 20 орчим байгууллага оролцсон. Манай хүнсний ууган үйлдвэр болох “Завхан баялаг” компани хүнсний аюулгүй байдал ISO 22000 стандартыг хэрэгжүүлэхээр бэлдээд явж байгаа. Өнөөдөр “Монсертф” компани дээр ирээд аймгийнхаа хүнсний үйлдвэрт туслах арга замаа олж авлаа. Баяртай байна. Ер нь бидний эрэлхийлж, хайгаад байгаа зүйл энэ шүү дээ. Стандарт, хэмжил зүйн газар энэ чиглэлд ажилладаг. Гэхдээ маш их ачаалалтай байдаг. Өнөөдөр ийм хувийн хэвшлийн байгууллага байгааг мэдлээ. Мэдээлэл авлаа. Цаашид хамтран ажиллана гэж бодож байгаа.
-Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлжээ. Ингэснээр ямар өөрчлөлт, үр дүнд хүрч байна?
-Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх явцад, хэрэгжүүлсний дараа маш олон өөрчлөлт гардаг. Жишээ нь, байгууллагын эмх цэгц сайжирна, ажилчдын сурч мэдэх, ажлаа сайжруулах гэсэн эрмэлзэл нэмэгдэнэ, санаачлагатай ажиллана. Манайх энэ стандартыг хэрэгжүүлж байх явцад “5C”-ийн зарчмыг мөрдсөн. Ингэхээр хүмүүсийн бүтээлч санаачилга нэмэгддэг, хэрэгжилт нь сайжирдаг, их сайн. Манай байгууллагад хяналт, үнэлгээ, мониторинг хийсэн багууд “танайх үнэхээр стандартын байгууллага шиг байна” гэж хэлдэг нь чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсний үр дүн гэж ойлгодог.
И.АЛТАНЦЭЦЭГ: “МОНСЕРТФ” ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
/Дархан-уул аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга/
-Танай хэлтэс стандартыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлд ямар ололттой ажиллаж байна?
-Дархан-Уул аймаг бол Улаанбаатарын дараа орох хамгийн том хот. Тус аймаг аж үйлдвэржсэн, барилгын үйлдвэрийн томоохон нөөц бүхий, Монгол Улсын хэмжээнд барилгын үйлдвэрийн нэлээн том район гэж явдаг. Аймгийн хэмжээнд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага нэлээд нэмэгдэж байна. 2016 оны жилийн эцсээр 8 байгууллага чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж гэрчилгээгээ аваад байна. Үүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд багтаж байгаа. Цаашид чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд чамгүй ажил хийнэ. Стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, сургалт явуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг баталгаажуулах чиглэлд бидний үндсэн гол чиг үүрэг байдаг. Энэ ч үүднээс бид жил бүр аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр тодорхой ажлууд хийхээр тусгаж өгдөг. 2016, 2017 он бол “Үндэсний чанарын хөтөлбөр” батлагдсан жил гэдгээрээ онцлог байна. Энэ хөтөлбөрт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх чиглэлд нэлээн ажил хийхээр тусгагдсан.
-Олон улсын стандартуудыг нэвтрүүлэх боловсон хүчин, аудиторууд хэр хангалттай байна?
-Олон улсын стандартыг байгууллагуудад нэвтрүүлэх боловсон хүчинг нэмэгдүүлэх шаардлагатай гэж боддог. Дархан-Уул аймгийн засаг даргын 2017 оны мөрийн хөтөлбөр болон Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх гол зорилт бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг сайжруулахад тусгайлсан хөтөлбөр гаргаад явж байгаа. Аудиторуудыг бэлтгэх, боловсон хүчинг сургах чиглэлээр ажилладаг хувийн байгууллагыг аймагтаа аваачиж сургалт явуулах, ард иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад хүргэх ажилд анхаарна.
-Өнөөдрийн үйл ажиллагаа хэр ач холбогдолтой байв?
-Урьд нь бид BSI гэж олон улсын стандартын байгууллагын талаар мэдээлэлтэй байсан. Энэ хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монсертф” компанийг их зөв зохион байгуулалттай, яг энэ үйл ажиллагааг явуулахад ач холбогдолтой байгууллага байна гэж хүлээж авлаа. Энэ байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг өргөжүүлэх нь зүйтэй юм байна, бусад байгууллагад мэдээллээд, хамтран ажиллахад нь холбож өгөх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож байна.
-Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх гол зорилго юу вэ?
-Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллагуудыг харахад өмнө нь байснаасаа хамаагүй эмх цэгцтэй болсон байдаг. Эдийн засгийн хэмнэлт гарсан байдаг. Аливаа байгууллага гэдэг үйлчилгээн дээр тогтдог. Хэрэглэгчид үзүүлж байгаа үйлчилгээ маш их цэгцэрдэг. Хэрэглэгчид өгөх таашаал нэмэгдээд ирэхээр хэрэглэгчид тухайн байгууллагаа дахин сонгох хандлагатай болсон байдаг. Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр танай байгууллага маш их үр ашигтай ажиллана шүү. Та бүгдийн нэр хүнд олон улсын хэмжээнд дээшлэх юм шүү. Бүтээгдэхүүн, үйлчилгээг тань гадна дотноос ямар ч хэрэглэгч хүлээж авах бэлэн байдалд хүрдэг гэдгийг л хэлмээр байна.