Аялал жуулчлалын аюулгүй байдал ISO 21101 стандартаар хангагдана
Адал явдалт аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах менежментийн тогтолцоо
Б.Бямбасүрэн
@byambaZGM
Шинэ он гарсаар энэ сарын турш бид Олон улсын стандартын академи болон гаднын экспертүүдтэй хамтран компанийн засаглал, менежментийн тогтолцоог сайжруулахын тулд ISO буюу олон улсын стандартыг нэвтрүүлэх нь ямар ашиг тустай талаар чамгүй мэдээлэл хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд стандарт гэж юу болох, түүний хэрэгцээ шаардлага, ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо болон ISO 10001 хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг стандартын талаар мэдлэг, мэдээлэл болохуйц ярилцлагуудыг тоймлоод байна. Харин энэ удаад аялал жуулчлалын аюулгүй байдлын ISO 21101 стандартын талаар Евроазийн “Эксперт” группийн ерөнхий менежер Махмуд Албековтой ярилцлаа.
-ISO 21101 стандартын талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу. Энэ ямар салбарт үйлчилдэг стандарт юм бол?
-Аялал жуулчлалын салбар дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж байна. Энэ салбар улс орны эдийн засгийг тэтгэж, төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Түүнчлэн ажлын байр нэмэгдэж, жижиг компаниудын хувьд орон нутгаа түшиглэн өсөж өндийх сайхан боломж болсоор. Тиймээс энэ салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл бол нэг талаас жуулчид, нөгөө талаас компанийн үйл ажиллагааны аюулгүй байдал юм.
Тухайн улсын дотоодын эрх зүйн зохицуулалтаар аюулгүй ажиллагааны дүрэм журмыг тодорхой хэмжээнд шийдсэн байдаг. Гэхдээ зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс 2014 онд ISO 21101 адал явдалт аялал жуулчлалын олон улсын стандартыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Адал явдалт аялал жуулчлалын салбар өргөн хүрээг хамрана. Усанд шумбах, агаарт хөөрөх, элсэн цөлөөр аялах зэрэг бол энгийн жишээнүүд. Энэхүү стандартын хамгийн гол зорилго бол бүх төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан менежментийн тогтолцооны хүрээнд эрсдэлийг таних, илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүний үр дүнд жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний аюулгүй байдалд баталгаа өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл тухайн жуулчин аялалд гараад гэртээ ирэх хүртэл хугацаанд бүрэн аюулгүй байх явдлыг хангадаг стандарт бол ISO 21101 гэж ойлгож болно.
-Аялал жуулчлалын салбарын аюулгүй ажиллагааг хангах стандарт гэж ойлголоо. Та энэ стандартын хэрэгжилтийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу
-Энэ стандарт нь ISO 9001, OHSAS 18001 зэрэг бусад менежментийн тогтолцооны стандарттай ижил түвшинд яригддаг. Эдгээр олон улсын стандартууд эрсдэлд суурилж ажилладаг бөгөөд тухайн салбарт гарч болох үйл ажиллгааны бүх эрсдлийг судалж, тооцоолж, тэдгээрийг даван туулах, урьдчилсан сэргийлэх арга замыг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, хээр талд автомашинаар аялах бол тухайн техник эвдрэх эрсдэлтэй. Иймд хоёр автомашинтай явж, нэг нэгнээ нөхөх, эсвэл утасны сүлжээ барихгүй тохиолдолд сателлит утас давхар ашиглах, тухайн жуулчны аюулгүй байдлыг хангах үүднээс амрах, өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авах тодорхой цэгүүдийг үүсгэх гэх мэт арга замаар ажиллана. Тэрчлэн компаниуд энэхүү стандартыг хэрэгжүүлж буйгаа жуулчдад сурталчилснаар найдвартай, аюулгүй гэсэн ойлголт тэдэнд төрж, тухайн компанийг сонгох давуу тал болно. Энэ хэрээр таны бизнес амжилттай өргөжиж, орлого ч ахиу болно.
-Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Гагцхүү арга замаа олохгүй байх шиг?
-Монголын хувьд адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Та бүхэнд онгон дагшин байгаль, өргөн уудам тал нутаг, уул ус, ургамал амьтан гээд бүх зүйл байна. Тиймээс энэ нөөц боломжоо ашиглан дэлхийн жуулчдыг татах, сонин содон газар байгуулах, дэлхийд Монголыг сурталчилах тун сайхан боломж байна. Тухайлбал, Египтэд элсэн цөлөөр аялуулах тур тун амжилттай ажиллаж ирсэн. Иймд Монгол Улс тал нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж яагаад болохгүй гэж.
Нөгөө талаас авч үзвэл Египетийн төсвийн багагуй хувийг бүрдүүлж ирсэн аялал жуулчлалын салбар уналтанд ороод байгаа. Энэ нь аялал жуулчлалын компаниуд жуулчдад аюулгүйн баталгаа өгч чадахгүй байгаатай голчлон холбоотой. Иймд тухайн орны төр засгийн зүгээс бодлогоор улс орны гадагшаа гарах зөв дүр төрхийг бүрдүүлэх нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Үүний дотор жуулчдын аюулгүй байдлын асуудал салшгүй чухал хэсэг нь мөн. Иймд энэхүү стандартыг нэвтрүүлэх арга замаар төр засгийн зүгээс холбогдох байгууллагууд болон ТББ-уудаар дамжуулан салбарын аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны аюлгүй байдлыг хангах тал дээр “сайн туршлага”-ыг үлгэрлэн харуулах нь чухал.
-Аялал жуулчлалын компаниуд ашигтай ажиллахыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Үүний тулд тэд юу хийх ёстой вэ. Энэ стандарт ямар баталгаа өгч байна вэ?
-Гэрчилгээ бол компанийн зорилго байх ёсгүй. Энэ бол олон улсын стандартын тогтолцоо тухайн компанид нэвтэрснийг нотолж байгааг харуулдаг бичиг баримт. Хамгийн гол нь компаниуд энэ тогтолцоог бүрэн дүүрэн ойлгож, бизнестээ амжилттай нэвтрүүлэх нь зүйтэй. Үүний тулд нэгдүгээрт, тухайн бизнесийн үйл ажиллагаанд шинжилгээ хийн, дотоод болон гадаад оролцогчдыг тодорхойлох, хоёрдугаарт, эрсдэлийг тооцоолж, нөөцөө үр ашигтай хуваарилах, гуравдугаарт, үйл ажиллагааныхаа дүрэм журмыг тогтоох юм. Энэ бүхнийг хэрэгжүүлж, дүн шинжилгээ хийж, хамгийн гол нь үйл ажиллагаагаа тогтмол сайжруулах нь зөв зам болно. Эдгээр алхмуудыг хэрхэн, яаж хийх талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай сургалтад хүрэлцэн ирээрэй. Бид та бүхний хүссэн бүхий л мэдээллийг өгнө.
-Зарим компаниуд гэрчилгээ авчихаад үйл ажиллагаагаа зохих дүрэм журмын дагуу хэрэгжүүлдэггүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Адал явдалт аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах стандартын бүрэлдэхүүн хэсэгт ISO 10103 буюу “оролцогчдыг мэдээлэлээр хангах” хэмээх дагалдах стандарт бий. Энэ нь бүх мэдээллийг тухайн жуулчинд хүргэх, нөгөө талаар тухайн жуулчны хүссэн мэдээллийг өгөх үүрэгтэй стандарт юм. Үүний дагуу тухайн жуулчинтай холбоотой ямар нэгэн бэртэл гэмтэл г.м. аюулгүй байдалд нь зөрчил гарвал заавал бүртгэх ёстой байдаг. Тухайн компани үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангаж чадаагүй мэдээлэл бүрийг өөр бусад жуулчин харах эрхтэй. Нэг үгээр бол, хариуцлагын тогтолцоог давхар нэвтрүүлсэн гэж ойлгож болно.
-Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ болох вэ?
-Сургалт 2-дугаар сарын 01-нээс 3-ныг хүртэл үргэлжилнэ. Тус сургалтанд ISO 21101 олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд тавигддаг шаардлагуудыг танилцуулах, бичиг баримт бүрдүүлэлтийг хэрхэн хийх болон стандартыг яаж нэвтрүүлэх үйл явцыг тайлбарлана. Энэ сургалтад сууснаар практик туршлагаас суралцах бөгөөд өөрийн бизнест зориулсан тогтолцоог хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар зааж сургана. Ингэснээр тухайн стандартыг өөрийн байгууллага дээр хэрэгжүүлэхэд илүү амар дөхөм болно гэсэн үг. Мөн тус стандартыг дэлгэрүүлэн түгээх үүргийг хүлээсэн НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан олон заавар, журам, статистик мэдээлэлтэй танилцах боломж бий. Мэдээж хэрэг, та энэхүү стандартыг өөрийн бизнестээ нэвтрүүлэхийг хүсвэл сургалтад суугаад, гэрчилгээ авах бүрэн боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.
-Ярилцсанд баярлалаа.
Үзүүлэлт
Аялал жуулчлал ба эдийн засаг
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2012 онд гаргасан судалгаагаар
· Дэлхий даяар жилд 1 тэрбум жуулчин аялж байна
· Дэлхийн нийт ажлын байрны 9 хувь буюу 11 ажлын байрны 1 нь аялал жуулчлалтай холбоотой
· Дэлхийн эдийн засгийн 6 хувийг энэ салбар эзэлж байна.
Жишээ:Шинэ Зиланд улс
Жуулчдын аюулгүй байдал: Жуулчидтай холбоотой 15000 тохиолдлыг судлан үзэхэд,
· 1981-1996 он хүртэл 15 жилийн хугацаанд 1027 хүн хөнгөн бэртсэн
· Харин дээрх хүмүүсийн 17 хувь нь хүнд бэртжээ
· Тэгвэл 22 хувь нь амь насаа алдсан байна
· Мөн 1100 жуулчны 8 нь эмнэлгийн тусламж авсан тоо баримт байна.
· Энэ тоог зам тээврийн осллоор бэртсэн хүмүүстэй харьцуулахад эн зэрэгцэх хэмжээнд хүрчээ.