Олон улсын итгэмжлэлийн гэрчилгээг эх орноосоо авах боломжтой боллоо
Олон Улсын стандартын байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ болон менежментийн тогтолцоонд тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоодог. Энэ нь дэлхийн бүх улс оронд мөрдөх Олон Улсын ISO /International Standards Organization/ стандарт юм. ISO стандартууд нь бизнес эрхлэгчдэд илүү бүтээмжтэй, үр дүнтэй менежментийн тогтолцоог бий болгоход тусалдаг байна.
Тэгвэл Олон Улсын Итгэмжлэлийн байгууллагын жинхэнэ гишүүн Казахстан улсын итгэмжлэлийн Үндэсний төвөөс “МонСертф” ХХК нь Олон улсын баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээгээ гардан авлаа.
Энэхүү гэрчилгээг өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Смагулов Нурлан Калиевич тус компанид гардуулан өгсөн юм. Ингэснээр “МонСертф” ХХК олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд баталгаажуулалт явуулж гэрчилгээ олгох эрхтэй болж байгаа аж.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүд МонСертф ХХК-ийн Олон улсын баталгаажуулалтын гэрчилгээ авснаар дэлхийн 171 оронд хүлээн зөвшөөрөгдөх болно. Ингэснээр Монгол улсын аж ахуйн нэгжүүд экспорт хийх, гадны зах зээлээс хөрөнгө оруулалт татахад илүү нээлттэй болох юм байна. Монгол улс үндэсний олон улсын баталгаажуулалтын компанитай болсноор Монгол хүн Монголынхоо компанийг олон улсын стандартын (ISO) дагуу баталгаажуулан гэрчилгээжүүлэх шинэ гарцыг нээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулсан түүхэн үйл явдал боллоо хэмээн Стандарт, хэмжил зүйн үндэсний төвийн Дарь.Сүхбаатар энэ үеэр онцолж байсан юм.
Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд Олон улсын баталгаажуулалтын гэрчилгээ авахын тулд гадны аудиторуудаас өндөр үнээр зөвөлгөө авч, гадагшаа валют урсдаг байсныг бууруулах боломж нээгдэж байгаа аж. Тус “МонСертф” ХХК Монгол улсаа төлөөлөн олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд “Дэлхийн стандарт Монголд” аяныг зарлан ажиллаж байгаа юм.
Аяны хүрээнд Монгол Улсын 21 аймагт өөрийн салбартай, үндэсний хамгийн олон хэрэглэгчтэй, менежментийн баталгаажуулалтын байгууллага болох, Монголчууд олноор суурьшсан улс орнуудад өөрийн салбараа байгуулж, Монголын хөрөнгө оруулалтай компаниудыг бодлогоор дэмжин ажиллах, Олон улсын стандартаар дамжуулан Монгол туургатны бизнесийн сүлжээг холбон, Монгол стандарт, Монгол туургатны чанарын сүлжээг бий болгох зэрэг зорилтууд тавьсан юм байна.
Эх сурвалж: Zaluu.com