Хэрэглэгчийн сэтгэл ханамж ISO 9001 стандартаар хэмжигддэг
ISO 9001 стандартын тав дах хувилбар өмнөхөөсөө олон зүйлээр өөрчлөгдсөн
Б.Бямбасүрэн
@byambaZGM
Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, менежментийн тогтолцоонд тавигдах хамгийн энгийн шаардлага, хэм хэмжээг тогтоосон баримт бичиг болох стандарт гэж юуг хэлж байгаа тухай ойлголтыг бид өнгөрсөн удаад өгсөн. Тэр дундаа олон улсын ISO стандарт, компанийн засаглал, менежментийн тогтолцоо гээд өргөн хүрээнд Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Хангайтай ярилцсан. Тэгвэл бид энэ удаад ISO 9001 стандартын талаар илүү сайн мэдлэг олгох үүднээс Олон Улсын Стандартын Академийн багш, “Улаанбаатар эрдэм” их сургуулийн Инженерийн сургуулийн багш ISO 9000-ын олон улсын зөвлөх, тэргүүлэх аудитор О.Намжилыг урьж, ярилцлаа. Тэрбээр ISO 9001 стандарт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангаж, хүсэлд нь нийцүүлэх зорилгыг тавьдаг хэмээн онцолсон юм.
- ISO 9001 гэж юуг хэлж байна вэ. Энэ стандарт ямар шаардлагаар бий болсон юм бэ?
-ХХ зуунд үйлдвэрлэл, эдийн засаг хурдацтай хөгжиж эхэлсэн. Энэ хэрээр зарим бүтээгдэхүүн аюултай, хортой болсон. Тиймээс хөгжингүй орнууд тэр дундаа НАТО-гийн цэргийн байгууллагууд үйлдвэрлэгч талын бүтээгдэхүүнд тодорхой шаардлага тавьсан. Орж байгаа түүхий эд, материал, тухайн бүтээгдэхүүнийг хийх дамжлага гээд эхнээсээ дуусах хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлага төдийгүй удирдлагын менежментэд шаардлага тавьж эхэлсэн. Эндээс л ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо эхэлсэн гэж хэлж болно.
Компаниуд тендерт шалгарахын тулд захиалагчийн тавьсан шаардлагыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улмаар стандарт гэж зүйл бий болж эхэлсэн. Үүнийг энгийнээр тайлбарлавал бүдүүлэг алдаа гаргахгүй, найдвартай, үндсэн үйлдвэрлэлийн чанарын менежмент тогтолцоо болсон юм. Ингээд энэ арга нэгэнт үр дүнгээ өгч эхэлсэн учир Англи, Япон тэргүүтэй хөгжингүй орнууд энэ туршлагыг үйлдвэрлэлд тусган, стандарт гэдэг зүйлийг гаргасан юм. Тодруулбал, хамгийн анх Англи улс ISO 9001 олон улсын стандартыг олон улсын стандарчилалын байгууллага буюу ISO-д санал тавьж, улмаар 1979 онд чанарын удирдлагын техникийн хороог байгуулсан байдаг. Ингээд 1987 онд олон улсын ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандарт анх удаа гарсан. Үүнээс хойш нийт таван удаа шинэчлэгдэж, хамгийн сүүлд 2015 онд ISO 9001: 2015 стандарт гарсан.
-Энэ стандартыг нэвтрүүлэх нь аж ахуйн нэгж, байгууллагад ямар ач холбогдолтой вэ?
-Компани, холбоо, үйлдвэр, сургууль ямар ч газар байсан бүтээгдэхүүн хийдэг, үйлчилгээ үзүүлдэг бол алдаагүй, будлиангүй ажиллаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангаж, хүсэлд нь нийцүүлэх зорилгыг ISO 9001 тавьдаг. Түүнээс энэ бол ерөөсөө ч бүтээгдэхүүний стандарт биш юм. Тэгэхээр хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийн тулд нэгдүгээрт, бүтээгдэхүүнд тавих шаардлага, хоёрдугаарт, үйлдвэрлэлийн технологи, гуравдугаарт байгууллагын удирдах түвшний менежментийн үйл ажиллагааг тогтоох ёстой юм. Энэ бүхнийг хэрхэн хэрэгжүүлэхийг ISO 9001 дотор нэг нэгэнгүй тусгасан байдаг. Ингээд ISO нэвтрүүлсэн компанийн бүтээгдэхүүн нь шаардлага хангаж, технологи хэвийн ажиллаж, захиргаа нь алдаа гаргахгүй. Үүнийг л ISO 9001чанарын удирдлагын тогтолцоо гэж байгаа юм.
- ISO 9001нэвтрүүлсэн компаниудын өрсөлдөх чадвар ямар түвшинд байдаг вэ?
-Мэдээж хэрэг ISO 9001-тэй компанийг сонгох нь хамгийн найдвартай зөв сонголт болно. Зарим компаниуд ISO 9001-ээр нэр хүнд олж, дэлхийн тавцанд өрсөлдөж байна. Жишээлбэл, тендер шалгаруулахад ISO 9001-тэй газрыг сонгодог. Түүнчлэн байгаль орчны менежментийн бүлэг стандарт ISO 9000-ийнхтэй нэлээд хэсэг нь ижилхэн байдаг. Тэгэхээр ISO 9001 хэрэгжүүлсэн тохиолдолд тэн хагас нь чанарын менежментийн тогтолцоо байдаг учраас байгаль орчны гээд өөр бусад стандартыг авахад дөхөм болно.
- ISO 9001-ын тав дахь хувилбар өмнөхөөсөө юугаараа өөр вэ. Ямар шинэ зүйлийг нэмж тусгасан бэ?
- ISO 9001:2008 бол 2008 оны дөрөв дэх хувилбар. Энэ стандартын гэрчилгээ авсан байгууллагын сертификат 2018 оны 9 дүгээр сард автоматаар хүчингүй болно. Тиймээс одоо 2015 онд гарсан стандартад шилжих ёстой. Хамгийн сүүлд гарсан тав дах хувилбар маань өмнөхөөсөө олон зүйлээр өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байгаа. Цоо шинэ элементүүд нэмэгдэж, бүтэц бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 2008 оны стандартад таван бүлэг шаардлагатай байсан бол одоо долоон бүлэгт хуваарлигдсан.
ЗГМ: Нэг асуулт
Та ямар салбарт ажилладаг вэ. ISO 9001 стандартын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Та энэхүү сургалтаар хүссэн мэдлэгээ олж авч чадсан уу?
Олон Улсын Стандартын Академиас зохион байгуулсан сургалтанд оролцогч Г.Батхишиг:
-Гурван үе шаттай явагдах энэхүү сургалтад би хувиараа сууж байгаа. ISO 9001:2008 хэмээх чанарын удирдлагын тогтолцооны стандарт 2010 оноос Монголд нэвтэрсэн. Харин өнгөрсөн жил буюу 2016 онд энэ стандарт шинэчлэгдэж, ISO 9001:2015 болсон. Өмнөх стандарт найман бүлэг зүйлтэй байсан бол шинэчлэгдсэн нь 10 бүлэг зүйлтэй болсон гэж дуулсан. Үүнийг танилцуулах сургалт болох гэж байгаа тухай сонсоод мэдээлэл авахаар ирсэн юм. Учир нь олон байгууллагууд энэ стандартыг сонирхож, нэвтрүүлж эхлээд байна. Тиймээс цаашдын ажилд маань хэрэг болох учраас сургалтад сууж байгаа.
Re.Corp компанийн зохион бүтээгч С.Наранхүү:
-Би барилгын салбарын хүн. Манай салбарынхан ISO 9001 стандартыг маш хэрэгтэй хэмээн ярьцгааж байна. Гэсэн ч хэрэгтэй гэдгээс өөр мэдээлэл надад байхгүй учир ISO 9001 гэж чухам юу байдаг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэдэхээр энэ сургалтад сууж байна. Эндээс юу ойлгосон бэ гэхээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн хүссэн хэмжээнд үйлдвэрлэе гэвэл энэ стандартыг судлаад, үүний дагуу үйлдвэрлэлээ явуулах юм бол хүний өмнө юу хийснээ баталж чадах юм байна. Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнд ямар ч эргэлзээгүй итгэх нэг баталгаа нь энэ стандарт юм байна гэдгийг сургалтаар маш сайн ойлгож авлаа.