Эксперт: ISO 10001 стандарт таны бизнесийг улам хүчирхэг болгоно
Сайн яваа бизнест нэмэлт хөдөлгүүр болж, улам хурдацтай хөгжих хөшүүрэг болдог
Өнгөрсөн удаад бид олон улсын менежментийн хамгийн суурь стандарт болох ISO 9001-ийн талаар мэдээлэл хүргэсэн. Энэхүү стандарт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах хамгийн жишиг болохуйц стандарт юм. Тэгвэл энэ удаад үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бүх түвшний бизнест хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангахад илүү тодорхой үр дүн үзүүлэх ISO 10001 нэмэлт стандартын талаар танилцуулж байна. Энэхүү стандарт нь хараахан Монголд хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Тиймээс энэ удаагийн дугаартаа гаднын экспертүүдийг урилаа. ISO 10001 хэрэглэгчийн сэтгэл ханамжийн стандартын талаар Евроазийн “Эксперт” группийн ерөнхий менежер Махмуд Албеков (М.А), Европын холбооны комиссын эксперт ахлах аудитор, сургагч багш Лукин Александр (Л.А) нартай ярилцлаа. Тэд энэ сарын 24-28-нд Олон улсын стандартын академи дээр ISO 10001 стандартын талаар сургалт явуулах юм. Тиймээс та бүхэнд уг стандартын талаарх ойлголтыг энэхүү ярилцлагаар хүргэж байна.
-Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн стандарт гэж юуг хэлж байна вэ?
М.А-Хэрэглэгчид юу хүсэж байна, тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох боломжтой стандарт бол ISO 10001. Энэхүү стандарт нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж, бизнесийн байгууллагын амжилтад хүрэх замыг залах арга хэрэгсэл юм. Үүнийг бүх түвшний бизнест ашиглах боломжтой.
-Үйлчилгээний соёл үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн эелдэг зангаас л эхэлнэ. Тэгвэл зарим үйлчилгээний байгууллагын хүмүүс барагтай л бол инээдэггүй. ISO 10001 стандарт энэ соёлд сургах уу?
Л.А-Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг загвар, эсвэл урлагийн зүйл биш. Европчууд инээдэг гээд монголчууд инээмсэглэх ёстой гэсэн ойлголт ч биш юм. Энэ бол ердөө л бизнест амжилт олохын төлөө авч хэрэгжүүлдэг бодит механизм. Тодруулбал, энэ стандартыг сайн хэрэгжүүлж чадвал тухайн байгууллага илүү олон хэрэглэгчтэй, их орлоготой болно. Сайн яваа бизнест нэмэлт хүч хөдөлгүүр болж, улам хурдацтай хөгжих хөшүүрэг, түлхүүр, арга хэрэгсэл болдог.
-ISO 10001 стандарт 2007 онд батлагдсан гэж сонслоо. Манайд хараахан үндэсний стандарт болоогүй байна. Үүний талаарх ойлголт ч бага. Энэ яг ямар хүрээнд үйлчилдэг стандарт вэ?
Л.А-Энэ стандартыг хүмүүс тэр бүр мэдэхгүй, анхаарал хандуулдаггүй. Гэхдээ бэлээхэн унадаг дугуй зохион бүтээчихээд байхад үүнийг ашиглах, эсэх нь бизнес эрхлэгчдийн гярхай байдлаас хамаардаг. Юу гэхээр, шинээр бизнес эхлүүлээд унадаг дугуй хийх гэж оролдох биш хийсэн байгааг нь ашиглаад, цааш нь бизнесээ хөгжүүлэх нь чухал. Тэгэхээр боловсруулсан бэлэн стандартыг хэрэгжүүлбэл бизнест тань амжилт болно гэсэн санаа юм.
-Энэ стандарт тухайн компанид бизнесийн болон эдийн засгийн ямар ашиг, эргэлт авчирдаг вэ. Тухайлбал, байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр компаниуд нөөц ашиглалт болон эдийн засгийн хувьд нэлээд зардал хэмнэдэг шүү дээ?
М.А-ISO 9001 стандарт ямар байх ёстойг заадаг хэрнээ ямар замаар хүрэхийг заадаггүй. Тэгэхээр ISO 10001 стандарт үүнд хүрэх зам, гарцыг дэлгэрэнгүй тайлбарлана. Түүнчлэн энэ стандарт компаниудыг тодорхой хэмжээний амжилтад хүрсний дараа хэрэгтэй болдог. Учир нь тухайн компани бусдаас ялгарах онцлог зүйлээ уг стандартаар олдог гэж хэлж болно. Эхний түвшинд мэдээж хэрэг чанар сайжруулах тал дээр бүгд анхаардаг. Үүний дараа бүхий л компаниудын чанар сайжирч, өөр хоорондоо адилхан болдог. Тиймээс компаниуд бусдаасаа ялгарахын тулд энэ стандартыг хэрэглэдэг юм. Нөгөө талаар, цаг хугацаа, мөнгө гээд бүх зүйлийг хэмнэнэ. Хэрэглэгчийн юу хүсэж байгааг энэ стандартаар мэдэж аваад, үүнийг нь хэрэгжүүлээд бизнесээ хөгжүүлэх боломжтой.
-Энэхүү стандартыг бизнесийн байгууллагаас гадна өөр ямар газар хэрэгжүүлэх боломжтой вэ. Тухайлбал, төр бол иргэнд үйлчилдэг байгууллага. Энэ утгаараа төрийн байгууллагад тун хэрэгтэй юм шиг санагдаж байна?
М.А-Төрийн байгууллагуудад энэ стандартыг хэрэгжүүлэх нь тэдний хичээл зүтгэлээс шалтгаална. Гаднын оронд ч гэсэн төрийн байгууллагадаа сэтгэл ханамжгүй байх асуудал маш их байдаг. Ер нь төрийн байгууллагад стандарт хэрэгжүүлэх шууд шаардлага байхгүй л дээ. Гэхдээ тухайн улсын дээд шатны байгууллага үүнийг чухалчилж үзвэл хэрэгжүүлэх боломж бий.
-Хамгийн чухал зүйл бол тухайн компанийн бараа, үйлчилгээний чанар. Сэтгэл ханамжтай байгаа, эсэхэд ямар шалгуураар үнэлэлт, дүгнэлт өгдөг вэ?
М.А-Хэрэглэгчийн сэтгэл ханамж нь тухайн хэрэглэгчийн зан төлөвт анализ хийснээр тодорхой болдог. Жишээлбэл, дундаж хэрэглэгчийн зан байдал, хэрэглэгчийн ерөнхий зан, өрсөлдөгчөө судлах гэх мэт аргыг хэрэглэнэ. Хэрвээ хэрэглэгч манай өрсөлдөгчөөс худалдан авалт хийвэл бид чанартаа анхаарах ёстой юм. Энэ мэтчилэн олон аргаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж болно.
Л.А-Судалгаа хийх нь хамгийн чухал арга. Хамгийн гол нь хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн үйлчилгээгээ сараас сард, жилээс жилд дээшилж, доошилж байгааг хянах ёстой. Сэтгэл хөдлөлд биш үйл явцад дүгнэлт хийх нь чухал.
-Тэгвэл энэ стандартыг хэрэгжүүлэхэд гол бэрхшээл, хүндрэл юу байдаг вэ. Дэлхийд үүнийг ямар түвшинд хэрэгжүүлж байгаа бол?
Л.А-Бид янз бүрийн аргаар хүмүүсийн сэтгэл ханамжийг тодорхойлох гэж оролддог. Хамгийн том бэрхшээл нь мэдээллийг цуглуулах байдаг. Үүнд дээр ISO 10001 стандарт хэрэг болдог. Маш олон янзын арга хэрэгслийг заадаг.
-Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадварын хувьд ямар байна вэ. Чадвараа сайжруулж олон улсад гарахын тулд ямар алхам хийх ёстой вэ. Энэ тухай зөвлөхгүй юу?
М.А-Танай улсын хувьд дэлхийд өрсөлдөх чадварын хувьд маш их боломж бий гэж харж байгаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт нөөц их байна. Махны салбарт тэргүүлэгч Бразил, Австрали зэрэг орнуудтай өрсөлдөх хэмжээнд хүрч чадна. Хамгийн гол нь хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Жишээ нь, ОХУ махаа дээрх улсуудаас авч байна. Гэтэл танайх Оростой хил залгаа улс шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны уулзалт болж, энэ асуудлыг ярьсан. Та бүхнийг мал сүргийнхээ тоонд анхаардаг болохоос биш үйлдвэрлэл нэвтрүүлэхэд анхаарахгүй байгаад шүүмжлэлтэй байна лээ. Тиймээс Монгол Улс бодлогын хүрээнд илүү их ажиллаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түшиглэн хөгжих боломж байна. Үүний нэг гарц, гаргалгаа нь олон улсын стандартыг нэвтрүүлэх юм.
-Ярилцсанд баярлалаа.