2020-03-17 21:10:42

Мэндчилгээ

 

 

 

Эрхэм хүндэт иргэд, хэрэглэгчид ээ!

 

Та бүхэнд Дэлхийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье.


НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг 1985 онд баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 35 дахь жилдээ хэрэглэгчдийн эрхийг хүндэтгэж, хамгаалж байхыг шаардах, эдгээр эрхэд халдаж буй зах зээлийн зөрчил, нийгмийн шударга бус явдлыг эсэргүүцэх, хэрэгцээ шаардлагын талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн компанит ажлуудыг зохион байгуулж тэмдэглэж байна.
2020 онд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагууд байгаль орчны сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн нийтээр өөрчлөлтэд нэгдэхийг уриалж, дэлхийн цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдлыг арилгахад нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. 2020-2030 оны хооронд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр хязгаарлах, биологийн олон янз байдлын алдагдлын өнөөгийн чиг хандлагыг зогсоох бидний сүүлийн боломж юм. Энэхүү үйлсэд хэрэглэгчид бид өөрсдийн үүрэг хариуцлага, амьдралын хэв маягийн өөрчлөлт, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр чухал үүрэгтэй бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээ байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, уршгийг ухамсарлан дор бүрнээ дахин боловсруулалтыг дэмжих, хүнсний хаягдлыг бууруулах, тогтворгүй бүтээгдэхүүнээс зайлсхийх, улмаар бизнес, засгийн газрын дэмжлэгтэйгээр томоохон нөлөө үзүүлэх боломжтой юм.
Монгол Улсын засгийн газраас хоёр жилийн өмнө баталсан шийдвэрийн дагуу “Хүүхэд-Эрхэм Хэрэглэгч” уриан дор бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусын хэрэглээний боловсролыг дээшлүүлэх, эрхийг нь хамгаалах зорилтуудыг дэвшүүлж уламжлал болгон хэрэгжүүлж байна. Энэхүү уриан дор Монголын бүх иргэд, эцэг эхчүүд, байгууллага аж ахуйн нэгжүүд, худалдаа үйлчилгээний газрууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хүүхдээ эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийг эрүүл аюулгүй баталгаат бүтээгдэхүүнээр хангах, хүүхдэд ээлтэй цахим орчныг бий болгохыг уриалсан байна.
Энэхүү уриалгад нэгдэж эрүүл, аюулгүй орчин, эрүүл, аюулгүй бараа бүтээгдэхүүн, баталгаат цахим орчныг бүрдүүлэх үндэс суурь нь олон улсын стандартуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж даган мөрдөх явдал гэж үзэж байна.
Тиймээс МонСертф ХХК нь Монгол улсын стандартын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Стандарттай Монгол” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, салбарын хамт олондоо энэхүү хөтөлбөрт нэгдэж, амьдралын шинэ хэв маягт тохирсон шинэ стандартуудыг даган мөрдөж, хэрэгжүүлж, хэвшүүлэхийг УРИАЛЖ байна.

Та бүхэнд Дэлхийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье!